Сүлжмэлийн эцсийн гүйцэтгэн боловсруулалтын технологийн онол-практикийн үе шаттай сургалтыг зохион байгууллаа.

ШУТИС-ийн харьяа ХҮСХХ-ийн Ноос ноолуур судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiM C2)” төслийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрийн ажилтнуудад зориулсан цахим хичээл, гарын авлага, загвар дээж болон сонгогдсон үйлдвэрүүдийн технологийг сайжруулах “Текстилийн үйлдвэрлэлд сүлжмэлийн эцсийн гүйцэтгэн боловсруулалтын стандарт ажиллагааны зааварчилгаа ба сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх нь” сэдэвт дэд төслийн туршилт судалгаа, сургалтын ажлуудыг нэг жилийн хугацаанд гүйцэтгэлээ.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ноос ноолууран сүлжмэлийн жижиг, дунд, том 17-н үйлдвэрүүдэд судалгаа явуулснаас Хөвсгөл аймгийн “Жинст Мөрөн” ХХК, Эрдэнэт хотын Натурал текстил группийн “Эрдэнэт Кашмер” ХХК, Улаанбаатар хотын “Баялаг-Өлзий” ХХК-ийн үйлдвэрүүдийг сонгон авч төслийн туршилт-судалгаа, сургалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүллээ.

Энэхүү төслийн сургалтын ажлын хүрээнд төслийн багийнхан “Эрдэнэт кашмер” ХХК, “Баялаг Өлзий” ХХК, “Жинст Мөрөн” ХХК-ний үйлдвэрүүдийн байран дээр очиж ажиллан 3 удаагийн практик сургалт, зөвлөгөөг өгсөн.

2020 оны 02 сарын 07-08 өдрүүдэд ХҮСХХ-ийн Текстилийн гүйцэтгэн боловсруулалтын Инкубатор төв дээр SECiM C2 төслийн Олон улсын текстилийн мэргэжилтэн Лайнус Ву-тай хамтран төсөлд хамрагдсан 3н үйлдвэрүүдийн инженер техникийн ажилтнуудад онолын мэдлэг олгох, мэргэжлийн зөвлөгөө өгөх, технологийн сайжруулалтыг хэрхэн хийх талаар онол, практикийн хосолсон туршилт-сургалтыг үр дүнтэйгээр зохион байгууллаа.

Энэхүү сургалтын сертификат гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 05 сарын 21-ний өдөр ХҮСХХ дээр боллоо. Ёслолын ажиллагаанд ХҮСХХ-ийн захирал Т.Төрмөнх, SECiM C2 төслийн үндэсний зохицуулагч Г.Мөнхболор, БНЧУ-ын элчин сайд Олдржих Заяычех, төслийн удирдагч Г.Надмид,  Жинст Мөрөн” ХХК, “Эрдэнэт Кашмер” ХХК, “Баялаг-Өлзий” ХХК-ийн төлөөлөл болон ХҮСХХ-ийн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцов.

Ковид 19 өвчний хөл хорионы улмаас цуцлагдсан 2020 оны 01 сард зарласан “Сүлжмэлийн гүйцэтгэн боловсруулалт” 50 хүний сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Бүртгүүлсэн оролцогчдод тусгайлан мэдэгдэх болно.

 

 

ХҮСХХ-ийн ННСС

2020.05.22