“Текстилийн гүйцэтгэн боловсруулалтын инкубатор төв” нээгдлээ.

ШУТИС-ийн харьяа Хөнгөн Үйлдвэрийн Судалгаа, Хөгжлийн Хүрээлэн (ХҮСХХ) дээр Европын Холбооны санхүүжилттэй НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллаг(ЮНИДО)-аас Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” (SECiM C2) төслийн дэмжлэгтэйгээр сүлжмэлийн үйлдвэрлэлийн гүйцэтгэн боловсруулалтын иж бүрэн шугам: угаах, сэгсрэх, хатаах, индүүдэх, уур үүсгэгч бүхий судалгааны жижиг оврын тоног төхөөрөмжөөс бүрдсэн “Текстилийн гүйцэтгэн боловсруулалтын инкубатор төв”-ийг шинээр ашиглалтад оруулаад байна.

Энэхүү инкубатор төвийн нээлтийн ёслол 2020 оны 06 сарын 3-н өдөр болж, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Европын Холбооны элчин сайд Траяан Христеа, ЮНИДО-ийн SECiM C2 төслийн үндэсний зохицуулагч Г.Мөнхболор, ШУТИС-ийн ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХҮСХХ-ийн захирал Т.Төрмөнх, ОУ-ын төслийн төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэ үеэр хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид ХҮСХХ-ийн Ноос ноолуур судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтнуудын хэрэгжүүлж буй SECiM C2 төслийн “Текстилийн үйлдвэрлэлд сүлжмэлийн гүйцэтгэн боловсруулалтын стандарт ажиллагааны зааварчилгаа ба сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх нь” сэдэвт дэд төслийн үр дүн, ХҮСХХ-ийн Сорилтын төвийн итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагаатай танилцсан.

Уг төвд сүлжмэлийн үйлдвэрийн технологи сайжруулах туршилт судалгаа, бүтээгдэхүүний хөгжүүлэлт, инженер техникийн ажилтнуудад зориулсан мэргэшүүлэх онол-практик сургалт, мэргэжлийн ангийн оюутнуудын дадлага, шинжлэх ухааны төслийн үр дүнгээр гарсан бүтээгдэхүүний инновац, туршилт судалгааны ажил гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагааг нь цаашид тогтмол явуулна.