ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ АЖЛЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

ТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Ноос, ноолуур судлалын салбар 2023-2027 онуудад хэрэгжүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны ажлын "5 жилийн төлөвлөгөө"-г боловсруулах, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох уралдаант хэлэлцүүлгийг 2022 оны 03-р сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэгт нийт 13  эрдэм шинжилгээний ажилтан, лабораторийн шинжээч нарын гаргасан тогтмол болон өрсөлдөөнт санхүүжилтэд хамаарах судалгааны ажлын саналыг илтгэл хэлбэрээр танилцуулсан. Үүнд төрөөс цаашид шинжлэх ухааны салбарт барих бодлогод тулгуурлан ноос, ноолуурын түүхий эдийн гарал үүслийг хамгаалах, шинж чанарыг сайжруулах, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын боловсруулах үйлдвэрүүдийн технологийн тулгамдсан асуудлууд, дэлхийн текстилийн үйлдвэрлэлийн чиг хандлага, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, инновацын бүтээл, үйлдвэрлэлийн шингэн болон хатуу хаягдлыг бууруулах, түүнийг дахин боловсруулах, цэвэр усны хэрэглээг багасгах, бохир усыг цэвэршүүлэх, шинэ нэр төрлийн материалын үйлдвэрлэл зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудын тухай хэлэлцэв.

Судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон хэлэлцүүлэгт дараах эрдэм шинжилгээний ажилтнуудын төслийн санал шилдгээр шалгарч, хүрээлэнгийн зүгээс урамшуулал олгохоор болов. Үүнд:

 

1-р байр: Г.Батчимэг /500.000 төгрөг/

2-р байр: Ч.Батсүрэн /300.000 төгрөг/

3-р байр: Э.Дагвасүрэн /200.000 төгрөг/

Тусгайр байр: Ц.Ганболд, Л.Оюунчулуун, Ж.Анхбаяр /тус бүр 100.000 төгрөг/

 

Цаашид эдгээр төслийн саналуудыг хүрээлэнгийн судалгааны тэргүүлэх чиглэлд нэгтгэж БШУЯ, ХХААХҮЯ, ШУТ Сан, үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод, гадаад болон дотоодын санхүүжүүлэгч байгууллагуудад танилцуулан ажиллахаар бэлтгэж байна.

 

ХҮСХХ-ийн Ноос, ноолуур судлалын салбар

 

2022.03.16