Арьс, шир судлалын салбар

Арьс шир судлалын салбар нь 8 гишүүнтэй ба арьс ширэн түүхий эдийн боловсруулалтын чиглэлээр ажилладаг ба одоогоор “Арьс боловсруулалтын явц дахь рН-ын хэлбэлзэл, коллагены хөөлтийн зэргийг бууруулах судалгаа   (2015-2017)” нэртэй суурь судалгааны төсөл гүйцэтгэж байна.

2015 онд БСШУСЯ, БОНХЯ болон ШУТИС-ийн Технологийн Сангийн 385 сая төгрөгийн санхүүжилтээр “Арьс шир боловсруулах өндөр технологийн инкубатор” цех байгуулан тоног төхөөрөмж худалдан авч, 2016 онд дотоод нөөц бололцоогоо дайчлан 12 сая төгрөгийн санхүүжилт гаргаж цехийн дэд бүтцийг сайжруулан, туршилтын үйлдвэрлэл амжилттай явуулж эхлээд байна. Хромыг багасгах, хромыг бүрэн орлох идээлгийн технологийн туршилтууд явуулах, үсийг байгаль орчинд ээлтэй технологиор авах, хаягдал багатай технологийг нэвтрүүлэх, монголчуудын уламжлалт технологийг орчин үеийн технологитой хавсрах зэрэг арьс ширэн түүхий эдийн шинжилгээ судалгаа, савхи болон сур боловсруулах технологийн туршилтуудыг амжилттай гүйцэтгэж байна.

Гүзээн савхи, үхрийн ширэн хөм, сур, эко-технологиор буюу хивгээр боловсруулсан хурга ишигний арьсаас гадна “цагаан идээлгийн” хромгүй савхи зэрэг хүрээлэнгийн брэнд бүтээгдэхүүнүүд бий боллоо. Түүнчлэн савхины физик-механик үзүүлэлтүүд, химийн найрлагын шинжилгээг хийх орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон арьс ширний лаборатор ажиллаж байна. Тус салбар үслэгийн цехтэй ба энэхүү цехэд хүрээлэнгийн Металл, машин судлалын салбарынхны зохион бүтээж, үйлдвэрлэсэн машин, тоног төхөөрөмжүүд болох баркас, идээлгийн барабан, махлах машин, элдэх машин, зүлгэх машин, талхих барабаныг ашиглаж байна.

Хонь, ямаа, үхрийн арьсыг үстэй нь буюу дэвсгэрийн зориулалтаар боловсруулахаас гадна хурга, ишигний арьсыг стандарт технологи ба эко-технологиор /хивгээр эсгэх/ боловсруулж, захиалгаар үйлчлэхээс гадна эко-технологийг бусдад түгээх, зааж өгөх сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Бидний технологийн дагуу, манай машин, металл судлалын салбарын механик цехэд үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөөр хөдөө орон нутагт олон арван хувь хүмүүс болон хоршоод, жижиг үйлдвэрүүд арьс ширэн түүхий эдийг боловсруулж байна.