"БИРЖИЙН БАРАА КОДЛОГЧ”-ИЙН СУРГАЛТ ЯВУУЛЛАА"

ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн нь ХААИС-тай хамтран “Монголын Хөдөө Аж Ахуйн Бирж” ТӨХХК-аас 2022 оны 3 сарын 28-аас 29-ний өдрүүдэд зохион байгуулсан Биржийн итгэмжлэгдсэн агуулахын түүхий эд хариуцсан ажилтныг чадавхжуулах “Биржийн бараа кодлогч”-ийн сургалтыг явууллаа.  

Энэхүү сургалтад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг итгэмжлэгдсэн агуулахын болон хоршооны 20 ажилтан хамрагдсан. Сургалтаар Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D) С.Цэрэндулам, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш доктор (Ph.D) Л.Норовсүрэн нар онолын мэдлэг олгохоос гадна ХҮСХХ-ийн Сорилтын төв болон ХААИС-ийн лабораториудад түүхий эдийн нэр төрөл бүр дээр сорьц шинжлэх дадлага хийв.

Биржийн итгэмжлэгдсэн агуулахын түүхий эд хариуцсан ажилтнууд энэхүү сургалтад хамрагдсанаар малын гаралтай түүхий эдийн шинж чанарыг тодорхойлох, ангилах, стандарт, техникийн шаардлагыг таниулах, ноос ноолууран ширхэгтийн голч, чийгийг тодорхойлох шинжилгээний арга зүйг эзэмшихээс гадна биржийн барааны тодорхойлолт, кодлолт, биржийн арилжаанд хэрхэн орох, арилжааны программд ажиллах, итгэмжлэгдсэн агуулахын шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж ажиллах зэрэг мэдлэг чадвартай болсон. Энэхүү мэдлэг чадварыг эзэмшсэнээр малын гаралтай түүхий эдийн бэлтгэл, хадгалалтын чанарын хяналт сайжрах юм.

 

Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн