Төслийн нэр: “Богино ширхэгттэй ноолуураар ээрмэл үйлдвэрлэх оновчтой шийдэл” 2016-2018 он

Төслийн нэр: “Богино ширхэгттэй ноолуураар ээрмэл үйлдвэрлэх оновчтой шийдэл” шинжлэх ухаан технологийн төсөл, 2016-2018 он.  ШУТИС-ийн харъяа ХҮСХХ, удирдагч Доктор (Sc.D) Г.Надмид, Гүйцэтгэгч: 8 хүн, Оролцогчоор үйлдвэрүүдийн инженер техникийн ажилтан:  5 хүн, ЭШЗ: 27,372.5 мян.төг.

Зорилго:

Бага насны ямааны буюу 2 настай борлон ямааны ноолуурыг тусгайлан ангилан ялгаж бэлтгэх, ноолуурын чанарын үзүүлэлтийг гарал үүсэл, бүс нутгийн ялгаагаар харьцуулан судалж, боловсруулалтын технологийн горим тогтоох судалгааны дүнд богино ширхэгттэй ноолууран ээрмэл үйлдвэрлэх технологийн шийдлийг бий болгохоос гадна хялгас ялгах технологийн дамжлагын ширхэгтийн богиносолттой ноолуураар ээрмэл үйлдвэрлэх холионы оновчтой хувилбарыг боловсруулж ноолуурын гарцыг нэмэгдүүлнэ.  

Үр дүн:

  1. “ХААН ШИРХЭГТ” гэсэн логотой бүтээгдэхүүнд зориулсан ноолууран түүхий эдийг 1-2 настай борлон ямаанаас тусгайлан бэлтгэх бэлтгэлийн тогтолцоог бий болгохдоо Монгол орны хангайн болон зүүн бүсээс борлон, шүдлэн ямааны ноолууран ширхэгтийн шинж чанарыг судлан, улмаар Хангайн бүсийн аймгуудаас Хөвсгөл аймгийг сонгон авч, тус аймгийн Арбулаг, Алаг-Эрдэнэ сумдын орон нутгийн малчдад сургалт явуулан хамтран бий болгосон. Тус нутгаас бэлтгэсэн борлон ямааны ноолууран ширхэгтийн шинж чанарын үзүүлэлтүүдийг ХҮСХХ-ийн итгэмжлэгдсэн лабораторийн баталгаажсан тоног төхөөрөмж дээр судалсан ба судалгааны дүнд борлонгийн ноолуурын онцлог шинж чанарт тохирсон анхан шатны боловсруулалтын аргачлалуудыг бий болгосон. Эдгээр боловсруулсан аргачлалын дагуу тусгайлан самнаж бэлтгэсэн борлонгийн ноолуурыг ангилан ялгах, угаах, хялгас ялгах боловсруулалтыг (хялгасыг нь ялгаж самнасан борлонгийн ноолуурын шинж чанарын үзүүлэлт: дундаж урт 38,4 мм, дундаж голч 15,87 мкм) гүйцэтгэн улмаар борлонгийн ноолууран 24/2 номерын ээрмэлийг гарган авсан үр дүнд хүрээд байна. Энэ нь борлон ямааны ноолуураар “ХААН ШИРХЭГТ” лого бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үндэслэлийг бий болгож байна.
  2. Хялгас ялгах үйлдвэрлэлийн дамжлагын ширхэгтийн богиносолттой буюу технологийн богино ноолууран судалгааны дээж бэлтгэн авч, шинж чанарын судалгааг ХҮСХХ-ийн итгэмжлэгдсэн лабораторийн баталгаажсан тоног төхөөрөмж дээр явуулсан бөгөөд судалгааны дүнгээр “Технологийн богино ноолуурын уртын ангилал” зөвлөмжийг бий болгосон. Тус зөвлөмжийн дагуу технологийн богино ноолуурын уртын ангилалын ялгаагаар ээрмэл үйлдвэрлэхдээ хэвийн ноолууртай холих холионы хувилбаруудыг бий болгох судалгаа туршилтыг гүйцэтгэж байгаа бөгөөд холионы оновчит хувилбарууд бий болсноор ээрэх, нэхэх, сүлжих үйлдвэрлэлийн технологийн гарц нэмэгдэнэ.

Төслийн хүрээнд хийгдсэн судалгааны үр дүнгээр 2 өгүүлэл хэвлүүлж, эрдэм шинжилгээний хуралд 7 илтгэл хэлэлцүүлсэн.