Эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө

Монгол улсад орчин үеийн Шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны ажилтны баярын өдөр болон ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн 50 жилийн ойг тохиолдуулан нийт эрдэм шинжилгээний ажилтан, шинжээчдийн дунд эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү хурлыг шинжлэх ухааныг дэмжигч, хүрээлэнтэй хамтран ажилладаг Хөвсгөл аймгийн “Жинст Мөрөн” ХХК ивээн тэтгэв.

Хуралд хөнгөн үйлдвэрийн салбарын нийт 12 илтгэл оролцсоноос дараах илтгэлүүд шалгарлаа. Үүнд:

1-р байр: Г.Батчимэг “Сарлагийн хөөврийн меланины судалгаа”,

2-р байр: Ч.Батсүрэн “Рапсын (Brassica napus) тос агуулсан савангаар боловсруулсан хонины ноосон сүлжмэлийн шинж чанарын үзүүлэлт”,

3-р байр: С.Бадам “Монгол хонины ноосон драпан даавууны шинж чанарын үзүүлэлтийг пальтоны загвар зохион бүтээлтийн тооцоололд тусгах судалгаа”

Онцлох илтгэл: Ш.Нансалмаа “Монгол ноолуурын голч уртын хамаарлын статистик боловсруулалтын судалгаа”-ны ажлууд шалгарч  цом, өргөмжлөл, мөнгө шагналыг хүртлээ.

 

Хөвсгөл аймгийн "Жинст Мөрөн" ХХК https://www.facebook.com/jinst.jinstmurun энэ удаагийн хурлыг ивээн тэтгэж, шилдэг судлаачдыг шагнаж урамшууллаа.

"Жинст Мөрөн" ХХК манай хүрээлэнтэй олон жилийн турш амжилттай ажиллаж байгаа ААН юм. 2003 онд хамгийн анхны удаа сарлагийн 14 кг хөөвөр цуглуулж судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэлийн ажлаа эхлүүлж байсан бол 2021 онд "Жинст Мөрөн" ХХК 40 тонн сарлагийн хөөвөр буюу Монголын нийт хөөвөр бэлтгэлийн 30 хувийг бэлтгэн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хийж байна.

Шинжлэх ухааны ач холбогдлыг бүрэн ойлгож, эрдэм шинжилгээний байгууллагыг дэмждэг, үйлдвэрлэлдээ манай судлаачдын эрдмийн ажлын үр дүнг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байгаад судлаачдын өмнөөс талархаж байна.

#Шинжлэх_ухаан_үйлдвэрлэлийн_хамтын_ажиллагаа_амжилтын_үндэс

 

ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн

Ноос, ноолуур судлалын салбар