“ОРОН НУТАГТ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫГ НУТАГШУУЛЪЯ” АЯНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ШУТИС-ИЙН ХАРЬЯА ХҮСХХ  “ОРОН НУТАГТ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫГ НУТАГШУУЛЪЯ” АЯНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Боловсрол шинжлэх ухааны яамнаас зохион байгуулж буй шинжлэх ухаан, технологи, инновацын ололт амжилтыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ээлжит  өдөрлөг  2022 оны 4 дүгээр сарын 25-аас 27-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод амжилттай болж өндөрлөлөө. Энэ аян нь орон нутагт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанд тулгуурлан шийдвэрлэх соёлыг бий болгох, мэдээллийн технологийн боломжийг таниулах, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлд орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

Тус аяны хүрээнд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хуралд ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Ноос ноолуур судлалын салбарын эрхлэч Ц.Ганболд, Хөвсгөл аймгийн “Жинст Мөрөн” ХХК-ны захирал Г.Амарболд нар "Шинжлэх ухааны ажлын үр дүнг кластераар үйлдвэрлэлд нэвтрүүлсэн туршлага, инновацын бүтээгдэхүүний хөгжүүлэлт" сэдэвт илтгэлийг хэлэлцүүлэв. Мөн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээний экспо-үзэсгэлэнд эрдэм шинжилгээний ажилтан Д.Цэрэннадмид ХҮСХХ-ийн эрдэм шинжилгээ, судалгаа туршилтын ажлын үр дүнд бий болсон нэхий, арьс, борлонгийн ноолуур, хөх сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг орон нутгийн удирдлага, олон нийтэд танилцуулж сурталчилгаа, борлуулалт хийн, сонирхсон үйлдвэрлэл, технологийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ШУТИС-ийн ректор Т.Намнан, БШУЯ-ны Шинжлэх ухааны газрын дарга Д.Баттогтох, ШУТ-ийн сангийн захирал Э.Одгэрэл, Хөвсгөл аймгийн удирдлагууд, хувийн хэвшлийн төлөөллүүд орон нутагт инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Жинст Мөрөн” ХХК-ний үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь 2009 оноос эхлэн манай хүрээлэнтэй хамтран сарлагийн хөөвөр, борлонгийн ноолуурын судалгааны ажлыг амжилттай хийж гүйцэтгэн, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг инновацлан, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хамтран хийж байна. Манай хүрээлэн “Жинст Мөрөн” ХХК-тай хамтран шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, сурталчлахаас гадна малчид, хоршоод, үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, оюуны өмчийн бүтээлийг бизнес хэрэглээ болгох буй бодит жишээн дээр амжилттай ажиллаж байна.

 

Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн