Эмгэнэл

Б.Дугаржав гуай 2025 оны 12-р сарын 10-ны өдөр өвчний улмаас бурхан боллоо.
Б.Дугаржав 1942 онд Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутагт төрсөн. 1966 онд ЗХУ-ын Иркутск хотын Политехникийн дээд сургуулийг инженер-механикч мэргэжлээр төгссөн.
Б.Дугаржав ШУТИС-ийн харьяа ХҮСХХ-ийн захирлаар 1999-2012 онуудад ажиллаж байв. Нэр хүндтэй, алдар гавьяатай, нөлөөтэй захирал байсан болохоор хүмүүс манай хүрээлэнг "Дугаржавын хүрээлэн" гэж нэрлэдэг байлаа.
Хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэм шинжилгээний байгууллагад ажиллахдаа арьс шир, ноос боловсруулах, металл хуванцар, хөнгөн цагаан эдлэлийн зэрэг олон жижиг үйлдвэрийн техник, технологийн судалгаа, туршилт, зохион бүтээлт, эрдэм шинжилгээний ажилд хариуцлагатай гүйцэтгэгчээр оролцож, зохион бүтээгч инженер, эрдэм шинжилгээний ажилтнуудыг удирдан зохион байгуулж ажилласны үр дүнд шинжлэх ухаан, технологийн 10 гаруй төслийн ажлын хүрээнд 50 гаруй сэдэвт ажлыг амжилттай дуусгаж захиалагчид хүлээлгэн өгсөн юм.
Б.Дугаржав Ардын хувьсгалын 50, 70, 80 жилийн ойн медалиуд, 1981 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2001 онд Алтан гадас одонгоор, мөн Хөнгөн үйлдвэрийн худалдааны болон Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнуулсан манай хүрээлэнгийн удирдагч хүн байна. Хамт олон нь захирлаа дурсан санах болно.
Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье!
ШУТИС-ийн харьяа ХҮСХХ-ийн хамт олон
2025/12-10